Эртнээс монголчууд Хэрлэн, Онон, Туул голуудыг өгсөн, уруудан нүүдэллэж, тунгалаг ариун уснаасаа ундаалан, олон зууныг өртөөлж төр улсаа байгуулсан түүхтэй. Тийм ч учраас эдгээр гурван голын саваар Их гүрнийг эмхлэн байгуулсан Эзэн богд Чингис хаан болоод түүний өвөг дээдэс, үр хойчийн түүхийг агуулсан домогт газрууд олон байдаг. Гурван голын тухай нэгэн домог бий. Тэнгэрийн хаан Хэнтий нь Онон, Хэрлэн, Туул хэмээх гурван үзэсгэлэн төгөлдөр охинтой байсан.
Хамгийн үзэсгэлэнтэй том охин Ононгоо маш их гоёж Номхондалай хэмээх хан хөвгүүнд бэр болгон, удаах охин Хэрлэнгээ Далайнуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгсөн гэдэг.Хоёр том охин нь Хан Хэнтий эцгээ эргэж харалгүй алс одсон тул хаан эцэг нь насаараа эргэж битгий ир гэж гэрээсэлж, бага охин Туулыгаа эх нутагтаа авч үлдсэн гэж өгүүлсэн байдаг.
Хатан Туул эмэгтэй хүнд ээлтэй, Хан Хэрлэн эрэгтэй хүнд ээлтэй тул, Хатан Туулд бүсгүйчүүд, Хан Хэрлэнд эрчүүд орвол элдэв өвчин арилдаг гэдэг домог Туул, Хэрлэнгийн эхэн саваар нутаглах ард түмний дунд түгээмэл яригддаг билээ.
No comments:
Post a Comment